Saturday, May 28, 2011

Том хүн болж чадаагүй дүү минь



Миний дүүгийн нэр бол Хироюүки. Намайг бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхад төрсөн. Тэр үед бага сургуулийг “улсын сургууль” гэж нэрлэдэг байсан. Аав минь дайнд явсан байлаа. Тэр үед Номхон далайн дайн ид шийгэм нижигнэж байсан юм. Америкийн “B29” гэгч нисэх онгоц өдөр болгон япон дээр бөмбөг хайж байлаа. Тийм болохоор шөнө орой тайван унтах тухай саналтгүй... Бид орой болгон агаарын цохилтоос хамгаалах газар доорхи нуувчиндаа хоргодохоор орно. Газар доорх нуувч ч гэж дээ, тэр маань өөрсдөө ухсан нүх юм. Жижиг жижиг өрөөнүүд гэх үү дээ. Манайх гэртээ хулсан шалаа авч байгаад доор нь нүх ухсан юм. Энэ нүхнүүдийг ээж бид хоёр ухсан билээ. Аав маань дайнд яваад гэрт би, ээж, эмээ, мөн манай хоёр дүү бид хэд аж төрж байлаа. Тийм болохоор манай нуувч таван хүн багтахаар нүх байлаа. Дүү маань төрөөд нэг их удаагүй байсан боловч тэгтэл их уйлдаггүй ганцаараа дув дуугүйхэн хэвтэж байдаг байлаа. Ээж маань нүхээ ухангаа Хироюүки маань “томоотой” болохоор бидэнд их амар гэлэгсэнв Тэр үед идэх юм ховор зэвэр болохоор ээж хоолны ихэнхийг бид нарт өгч өөрөө ам хүрэх төдий аргацаадаг байлаа. Хироюүкигийн хоол нь бол ээжийн сүү байв.
Ээж хоол сайн иддэггүй болохоор хөхний сүү нь татарсаар дусал ч гарахаа болилоо. Ингээд хөөрхөн дүү Хироюүки минь идэх юмгүй боллоо. Сүүтэй будаа гэхэд арай шингэн юм өгдөг болов. Мөн ямааны сүү авахаар хол газар явж түүгээрээ угжина. Гэхдээ энэ нь хааяа хааяа халамжийн тэжээл болох нэг лааз сүү оногдоно. Энэ бол Хироюүкигийн маань хамгийн “нандин” хоол.
Одоо та нарт хачин санагдах боловч тэр үед чихэрлэг юм нүдний гэм. Чихэр, шоколад, зайрмаг ч байдаггүй байлаа. Идэмхий байсан надад дүүгийн маань чихэрлэг сүү бол шүлс асгармаар амттан байв.
Ээж “Сүү бол Хирүюүкигийг идэж чадах цорын ганц хоол гэж хэлдэг байсан боловч би нууж байгаад нэлээд хэдэн удаа Хироюүкигийн тэр нандин хоолноос нь “хороочихдогг” бүр нэг удаа биш байв. Би үнэндээ буруу юм хийж байгаагаа мэдэхийн цаагуур мэддэг байсан ч тэсэхгүй уучихсан юм. Дүү маань эгдүү хүрмээр хөөрхөн хүүхэд байсан ч, хайртай дүүгийнхээ угждаг сүүнээс уучихсандаа. Агаарын дайралт ихэссэн тул ээж байраа солихоор шийдэж, нэг өдөр эмээг дөрвөн настай дүүтэй маань хамт гэрт үлдээгээд Хирүюүкиг тэврэн намайг дагуулаад хамаатныхаа байдаг хөдөө рүү явлаа. Гэтэл хамаатан маань бид нарыг харангуутаа л мэнд усны солиогүй “Манайд идэх юм байхгүй гэж хүйтнээр хэлэв. Бид нар идэх юм авах гэж очоогүй байлаа. Нүүж очихоор ярилцах гэсэн болохоор тэр үгийг сонсоод ээж надад “Харья” гэж хэлээд тэднийхээс явлаа. Ээжийнхээ тэр үеийн царайг би одоо ч мартаагүй. Шийдмэг мөртлөө шаналан зовсон царай байсан. Би тийм үзэсгэлэнтэй царай харж байгаагүй. Хүүхдүүдээ хамгаалж хамаг бүхнээ зориулсан ээжийн минь царай үнэхэээр үзэсгэлэнтэй байж билээ. Ээж маань урьд нь очиж үзээгүй уулын дунд байдаг нэгэн хамаатнаасаа гуйж арай гэж нэг хорогдох газар оллоо. Юу ч гэсэн эхлээд ойр зуур хэрэглэх ачаагаа аваад нүүхээр шийдлээ. Би мөн ээж, эмээ, дүү бид хэд өглөө гараад өмнөд зүг рүү явлаа. Фүкүокагаас өмнө зүгт хориод километр газар Ишигама уулын тосгоныг зорьж яваа нь тэр. Бид зам зуураа морин тэргэн дээр өдрийнхөө будааг идээд, үдээс хойш хоёр уулын завсраар урсах үзэсгэлэнт голыг харангаа уулын замаар явлаа. Үзэсгэлэнт хөх тэнгэр, тоорын цэцэг цэцэглэх уулын тосгон, гүүрний дээрээс усанд хөвөх загас харагдана. Тэр бол миний хувьд хүн болсоор анх удаагаа харсан тоорын тал нутаг байлаа. Тэр үед би тосч байгаа хэцүү амьдралыг ойлгохооргүй балчир байлаа. Тийм ч болохоор би голын загас бариад ээждээ хоолны хольц болгож өгвөл баярлана даа хэмээн бодож, шинэ амьдралдаа сэтгэл гонсойхгүй байлаа. Бидний очсон тариачин айл уулын бэлд аж төрнө. Бид тариачны хашаанд байх цэцэрлэг рүү харсан зургаан хулсан шалны хэмжээтэй болох өрөөг түрээсэлсэн юм. Гэрийн өмнөх голын чулуу хад асга нь арсгар барсгар явах аргагүй бөгөөд бороо орсон үед гатлах болломжгүй болдог байлаа. Би голын зөөлөн урсгалтай газар дамнасан гүүрээр гарч сургуульдаа явна. Ээж маань анх удаагаа будаа тарьж өдрийн хоолоо бидэнд авч ирнэ. Бид мэтийн дөрвөгсдөд халамж гэх юм байхгүй учир ээж маань өөрийнхөө кимоноог ойр амьдардаг тариачин хүмүүстэй будаагаар сольдог байлаа. Хажуу тосгонд ямаа тэжээдэг айл бий гэж сонсоод ээж кимоногоо аваад гарлаа. Ээжийн кимоно дууслаа. Бид Хироюүкигээ тэврээд голын эргээр салхилдаг байлаа. Би эрэгтэй дүүтэй болохыг хүсдэг байсан болохоор түүнийг маш их энхрийлэн хайрладагсан. Гэтэл гэнэт Хироюүкид өвчин тусч бидний суудаг тосгоноос гурван км зайтай газар эмнэлэгт хэвтлээ. Би өдөр болгон сургуулиас тарж ирээд эмээгийн бэлдсэн хоолыг аваад эмнэлэг рүү явдаг байлаа. Арван хэдэн өдөр эмнэлэгт хэвтсэний эцэст дүү маань харамсалтайгаар нас барлаа. Харанхуйд жижигхэн аманд гуурсаар ус уулгаж байсан тэр оройг хэзээ ч би мартахгүй. Хөөрхий дүү маань уйлж чарласан ч үгүй чив чимээгүйхэн амьсгал хураасан юм. Нас нөгчсөн дүүг ээж тэврээд, би нэг гартаа данх нөгөө гартаа Хироюүкигийн бяцхан хувцас хунартай бааданг бариад гэр рүүгээ харьлаа. Дагтаршсан цагаан замаар гурвуулаа тосгонг чиглээд алхлаа. Автобус явж байсан боловч дүү маань үхсэн учраас бид бусад хүмүүсийн сэжиглэхээс эмээж гурван км газар алхсан юм. Тэнгэр хөх мөртлөө өндөр бөгөөд дүүлэн нийсэх “В29”-ын моторын дуу алсад нүргэлнэ. Хөх тэнгэрт онгоцны их бие мөнгөлөг өнгөөр гэрэлтэнэ. Замд ямар ч хүн алга байлаа. Ээж маань Хироюүкигийн нүүрэн дээр эргэлдэх ялааг үргээнгээ “ Хироюүки минь жаргалтай байсан. Ямар ч байсан ээж, ах, эмч нарт асруулж байгаад нас нөгчлөө. Бусад хүмүүсийн адилаар онгоцны бөмбөгөнд үрэгдсэнгүй” гэж хэллээ. Гэрт үлдсэн эмээ дүү хоёр биднийг уйлсаар угтлаа. Бидэнд өрөөгөө зээлүүлсэн тариачин жижигхэн авс хийж өглөө. Манай дүү хэдий бяцхан ч гэсэн тэр авсанд нь батсангүй. Авс нь арай л жижигхэн байлаа. Ээж минь ”Том болсон байж дээ” гэж гунигтайхан хэлээд өвдгийг нь нугалаад авсанд эвтэйхэн хийгээд ээж маань анх удаа уйлж билээ. Дүүг минь нас бараад ес хоносны дараа Хирошимад атомын бөмбөг унасан. Гурав хоногийн дараа Нагасакид... Тэгээд зургаан өдрийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 15 нд дайн дууслаа. Гэвч би насан туршдаа өлсөж ундаасаж цаг бусаар нас нөгчсөн хөөрхий бяцхан дүүгээ яаж мартаж чадах билээ...
                   Япон хэлнээс орчуулсан
Хүрэлбаатарын Арвис

No comments:

Post a Comment