Saturday, May 28, 2011

Хувийн онгоц

      Энэ дэлхийд хувийн онгоцтой хүн тийм ч олон байдаггүй гэдэгт ихэнх хүмүүс санал нэгдэнэ. Гэвч миний бодлоор харин ч эсрэгээрээ...Хувийн онгоц жолоодож яваа хүмүүс энд тэндгүйл холхиж байна. Би ч гэсэн хувийн онгоцтой болоод нэг жилийн нүүр үзэх гэж байна. Одоогын байдлаар бензинээ даах хэмжээнд л явж байна даа. Анх хувийн онгоцтой болоод баярлах болон гуниглах сэтгэл давхцаж байлаа. Өдийг хүртэл сууж явсан хуучин онгоцондоо дэндүү их дасаж дээ. Хэзээ нэгэн цагт хувийн онгоцтой болно гэж мөрөөдөж байсан ч, хуучин онгоцноосоо үүрд сална гэж бодолгүй л явсандаа. Одоо эргээд бодоход миний муу хуучин онгоц миний төлөө олон сайхан зүйл хийж өгчээ. Анх тэр онгоцонд суулгаж өгсөн хувь заяандаа их баярладаг шүү. Миний муу хуучин онгоц бүх талаараа яг л герман машин. Хэрвээ герман машинаас илүү машин байдаг бол түүнтэй зүйрлэвэл илүүднэ үү гэхээс дутахгүй. Тэр маш их чадалтай бас зорчигчдын хамгийн нандин зүйл байсаар ирсэн.
       Ирээдүйд хүн болгон хувийн онгоцтой болно. Гагцхүү онгоцоо зөв сонгох нь чухал. Өөрөөр хэлбэл сонгохдоо алдаа гаргахгүй хэмжээнд чи өөрөө онгоцны талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Онгоц жолоодох мэдлэгийг олж авахад чинь хуучин онгоц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Миний хуучин онгоц намайг гэлтгүй олон хүнийг хувийн онгоцтой болгож өгсөндөө. Тэд бүгд хамгийн сайн хувийн онгоцтой болцгоосон. Яг л түүн шиг хурдтай, хүчтэй, тохилог онгоц...Хүн ямарваа нэг сонголт хийхдээ байнга харьцуулж байдаг болов уу.
Энэ яриаг хэдэн жилийн өмнө бөмбөгнөөс өөр зүйл хөөдөггүй байсан тэр цаг мөч рүү түр ухраая. Нэг өдөр гэрт маань аавийн шавь гэх залуу ирж, жаал ном асууж, хэдэн бууз идэж суулаа. Тэрээр аав, ээж хоёрт миний япон хэлний түвшин тогтоох шалгалтны хоёрдугаар зэрэгт тэнцсэн талаар баахан магтаж талыг засав. Үүнийг үл тоосон шинжтэй суух аавыг хараад жаахан шар хөдлөв. Аав хэсэг хугацаанд шавынхаа ярихыг чагнаж сууснаа, хариуд нь “ Арвисын сайных гэж юу байхав. Өдий болтол Хүрэлбаатар нэртэй онгоцонд сууж, хар багаасаа хүн болгонд тохиолдохгүй жаргалыг эдэлж ирсэн золиг. Өөрийн гэсэн онгоцтой болоод хэрхэн жолоодохыг нь харж байж болно. За! Арвис явж өрөөндөө унт өглөө босож цай чанана шүү” гэж хэлээд өрөө рүү хөөв. Би ч ухас хийгээд өрөөндөө орж, хэлсэн үгнийх нь талаар хэсэгхэн бодлоо. Ерөнхий утгыг нь ойлгосон боловч, өнөөдрийнх шиг гүн утгыг үл ойлгов.
       Хүн өөрийн амьдралыг дааж явах хүртлээ аав ээж, ах эгч, эмээ өвөө, багш гэх мэт олон хүмүүсээс туслалцаа авдаг. Харин тэр хүмүүс нь онгоцны адил чиний төлөө алдаа гаргахгүйг хичээж нислэг үйлдэнэ. Гэвч насаараа уг онгоцонд найдах нь юу л бол... Эртнээс хувийн онгоц авах талаар бодох нь зүй ёсны хэрэг. Бидний амьдралыг эрсдэл байнга отож байдаг. Ганц онгоцонд найдсаар байтал нэг л өдөр бензин дуусаад сүйрэх үе гарч болно. Магадгүй маргааш.... Иймд хувийн онгоц авах хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулж, эртнээс бэлдэхэд илүүдэхгүй. Миний хуучин онгоцны хувьд олон зорчигчидтой олон жил хариуцлагатай нислэг үйлдсэн дээ. Зорчигчид бүгд хувийн онгоцтой болсон... Хамгийн сүүлийн зорчигч нь би байлаа. Арвис гэх тэнэг зорчигчыг хувийн онгоц авах хүртэл нь хүйтэнд хөрч, халуунд халж, байдаг бүхнээ зориулсан...Тэр агуу онгоцны ачаар улс дотроо нислэг хийж чадахаар онгоцоо жолоодож явна. Одоо харин олон улсын нислэг, бүүр цаашлаад сансар огторгуйд аялах хэмжээний том онгоц жолоодохын тулд хичээсээр бас дахин хичээсээр....
Хүрэлбаатарын Арвис
2011.01.14

No comments:

Post a Comment