Saturday, May 28, 2011

Хичээл зүтгэлийг ялан дийлэх авьяас гэж үгүй


 
  “Хичээл зүтгэлийг ялан дийлэх авьяас гэж үгүй” гэж томоос том цагаан цаасан дээр япон ханзаар яарайтал бичсэн байв. Өөрөөр хэлбэл нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн хичээл зүтгэл. Энэ үг японы ихэнх хүмүүсийн сэтгэхүйнд оршино. Харин манайд бол эсрэг ойлголттой байдаг. Ер нь монголчууд маань юмыг заавал буруугаар хийдэг болжээ. Энэ байдалдаа дассандаа ч тэр үү, өөрсдийгөө буруу ярьж, зөв ойлгодог хэмээн дөвийлгэнэ. Угтаа бол буруу, ташаа ойлголт юм. Бид нарын өвөг дээдэс маань зөв ярьж, зөв сэтгэж, зөв төсөөлж байсан учраас дэлхийн талыг эзэлсэн болов уу гэж бодлоо. Зөв ярьснаар зөв сэтгэх боломжтой болох юм. Цаашдаа зөв сэтгэснээр зөв төсөөлж, төсөөллөө амьдралдаа хэрэгжүүлж ирсэн биш үү. Дээрх зүйр үгийг намайг японы дунд сургуульд сурч байх үед биеийн тамирын зааланд хүн бүхэнд харагдахаар тавигдсан байсан. Чухамдаа энэ нь сурагч нарыг зөв хүмүүжүүлэхээс гадна хэн бүхэнд боломж байгааг харуулсан утга санааг илэрхийлнэ. Сурагчид уг зүйр үгийг уншаад өөр өөрийн мөрөөдлөө бий болгож, улмаар мөрөөдлийнхөө төлөө шамдан хичээх нь ихэсчээ.Үүний тод жишээ нь тэр үед нэг анги дор ханз үсэг заалгаж явсан ангийн найз минь япон улсын волейболын үндэсний шигшээд багтсан явдал юм. Тэр сурагч өдөр бүр томоос том бичигдсэн зүйр үгийг хараад уг амжилтанд хүрсэн болов уу гэж өөрийн эрхгүй санагдана. Энэ мэтээр манай сургуулиас мэргэжлийн хөлбөмбөгчин, бөмбөрчин, бүрээчин гэх мэт миний зүс таних сурагч нар салбар салбартаа тэргүүлэгч болжээ. Зарим үйлийн үртэй хүмүүсийг эс тооцвол хүмүүс бүгд л ижил төрдөг. Хоёр нүдтэй, хоёр гартай, хоёр хөлтэй гэх мэт. Зарим нь бүр илүү ч төрдөг. Тэгвэл авьяас гэж яриад байгаа зүйл байдаг юм бол яг л ижилхэн заяагдах ёстой. Монгол хүмүүс хүнийг авьяастай, эсвэл авьяасгүй хэмээн ялгах дуртай. Ялангуяа сурган хүмүүжүүлэгч нарт энэ үгийг хэлэх эрх байхгүй. Олон багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдэд иймэрхүү байдлаар ханддаг. Авьяастай гэж хэлүүлэх нь сайхан боловч, хэрвээ эсрэгээр нь хэлвэл юу болох вэ? Авъяасгүй гэж хэлүүлсэн хүүхэд сэтгэлээр унаж, дахиж оролдохоос эмээнэ. Харин тэр үгний оронд хичээвэл чадна гэх мэт олон сайхан үгээр урамшуулж тэтгэх нь чухал. Одоо харин хэдэн хүмүүсийн нэрсийг дурдая. Попын хаан Майкел Жэксон, Агаарын хүн Майкэл Жордан, Барак Обама, 14 – р Далай Лам гэх мэт дэлхийд нэр хүндтэй хүмүүс олон бий. Эдгээр хүмүүс нь хичээл зүтгэлээр энэ агуу нэр хүнд, хайр энэрэлийг олж авсан ажгуу. Попын хаан Майкел Жэксоныг танихгүй хүн гэж ховор. Тэрээр “Попын хаан” хэмээх нэр хүндийг олж авахын тулд чамгүй хичээл зүтгэл гаргасан нэгэн. Попын хааны гэртээ зүгээр сууж байгаад авьяас билэг нь гэнэт тодроод од болсон гэвэл худлаа. Гагцхүү шөнөжин өдөржин ариун цагаан хөлсөө урсган байж Попын хаан хэмээх цолыг хүртжээ. Мөн Амеркийн нэгдсэн улсын анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама ч хичээсны эцэст дэлхийн өнгөт арьстнуудын амьд төлөөлөл болж чадсан. Аливаа юмыг хийхдээ чин сэтгэлээр хичээнгүйлэн хийснээр нэр хүнд, хайр энэрэл аяндаа даган шагших нь энэ хорвоогын жам ёс буй за. Юуны өмнө хүн болгонд боломж бий. Гагцхүү боломжыг хэрхэн яаж, үр бүтээлтэй зөв ашиглах нь чухал. Үр бүтээлтэй гэдгийн учир нь өөрт хэрэгтэй зүйлийг урдчилан сайн тооцоолж гаргасны эцэст уг зүйлээ хэнээс ч илүү сайн чадах хэрэгтэй болов уу. Хэн нэгний хэлсэн үгээр ч юм уу, зааврын дагуу хөдлөх нь тийм ч таатай байдлыг авчрахгүй. Эртнээс өөрөө шийдвэр гаргаж амжилтанд хүрэх нь сэтгэлд сайхан. Алдсан ч хэзээ ч харамсахгүй. Учир нь хүн хэзээ ч өөрийгөө буруутгаж чададгүйд оршино. За ингээд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд өгүүллээ төгсгөе.
Хүрэлбаатарын Арвис
2010.11.11

No comments:

Post a Comment