Saturday, May 28, 2011

Супер хөвөгч арал буюу зүүдэнд ч оромгүй амжилт


Ототакэ Хиротада
  Зургадугаар ангийн зун юм даг, усанд сэлэлтийн хичээл орох гэж байлаа. Зургадугаар ангийнхан бүгд 25 метр сэлэхийг зорьж байлаа. Би ч бас ангийнхантайгаа адил хүсэх догдлох зэрэгцэж байсан боловч, миний энэ хүсэл тийм ч санаан зоргоор болох зүйл биш байсан юм. Энэ яриаг бага сургуулийн нэгдүгээр анги уруу буцаая. Сургуульд орсноос хойш, биеийн тамир, спарткиад гэх мэт дараа дараагаар гарч ирэх асуудлуудыг давж ирсэн Такаги багшийнхаа тухай ярих юм. Үүнээс үүдээд “Усан сэлэлт” гэдэг том давааг хэрхэн давсан тухай хүүрнэх гэж байна л даа. Тэр үед би 70 см өндөртэй байсан юм. Нэг метрээс гүехэн байдаг усан бассейн гэдэг хаана ч байхгүй, тийм болохоор бассейны ёроолд хөл хүрэхгүй. Би бас бусад хүүхэд шиг хөлтэй ч биш… Энүүхэндээ гэхэд ганцаараа усанд орж чадахгүй гэсэн үг. Такаги багш минь боджээ. Сэлүүлэх үү ? Болих уу? гэж бодсонгүй. Харин яаж энэ гаргүй хөлгүй хүүхдийг сэлүүлж сургах вэ? гэж л бодсон юм санж. Миний гар тохойноосоо урагш байхгүй, хөл минь өвдөгнөөсөө урагш байхгүй. Эхээс ингэж төрсөн гэсэн. Тэгээд багш маань намайг тэврэн бассейнд орохоор шийджээ. Энэ бол санахад амар ч хийхэд хэцүү ажил байжээ. Мэдээж багш минь л их ядарна шүү дээ. Ажлынх нь үр дүн ч баталгаагүй, зөвхөн итгэл найдвар… Сургуулийн захирал ч гэсэн “маш хэцүү бас их ядарна“ гэж хэлж байсан боловч Такаги багш маань ”багш хүний үүрэг болохоор…” гэж хэлээд, хэлсэн үгнээсээ буцахгүй байлаа. Ингээд би усан бассейнд орохоор боллоо. Миний сэтгэлд баярлах, зовиурлах хоёр давхцаж байлаа. Би багаасаа аюултай гэж мэдэрсэн юмандаа их болгоомжтой ханддаг байсан. Сургуулийн дээр хүүхдүүд нууцаар цугласан үед тийшээ хэзээ ч ойртоё гэдэггүй, яаж ч ам цангаж байсан хэрвээ ус уудаг газар их олон хүн дараалан зогссон байвал тэвчээд өнгөрдөг хүүхэд байсан юм. Тийм болохоор хөл хүрэхгүй усан бассейнд орох гэдэг бол миний хувьд маш аюултай. Бас төмс шиг болчихсон гараар яаж усанд сэлнэ дээ гэсэн бодол маань зовиурлах сэтгэлийг төрүүлсэн ч байж магадгүй. Үнэнийг хэлэхэд ангийнхантайгаа хамт усан бассейнд орно гэсэн баяртай сэтгэл, усан бассейн аюултай гэсэн зовиурлах сэтгэл хоёр давхцаж байсан билээ. Бассейны нээлтийн өдөр. “Багштайгаа хамт оръё” гэж амлаж байсан боловч, тэр өдөр, гэв гэнэт орж чадсангүй. Усны хувцсаа өмсөөд бассейны хажуу хүртэл явсан боловч, үнэхээр аймшигтай байлаа. Багш бассейн дотроос “Жаахан ч гэсэн ангийнхантай хамт орооч” гэж хэд хэдэн удаа гараа сунгасан боловч, дуусан дуустал орж зүрхэлсэнгүй. Багш ч гэсэн миний сэтгэлийг сайн ойлгож байсан боловч, яагаад ч гэсэн намайг бассейнд оруулахыг хичээж байлаа. Тэгээд өөрийнхөө чадлаар хөвж суръя гэж бодлоо. Багшийн санаа зовж байсан зүйл бол миний амьдралд, мянгад нэг тохиолддог ”Усны осол” таарвал, хэн нэгний тусламж ирэх хүртэл усны мандалд тэсч чадах ёстой гэсэн бодол байжээ. Дараагийн хичээлээс эхэлж усан бассейнд орохоор боллоо. Эхлээд багшийн цээжнээс тэврэн, усанд орох. Энэ бол тийм ч аймаар биш. Тэгээд дараа нь нүүрээ усанд хийх. Ам хүртэл гайгүй боловч, хамарнаас дээшилвэл гэнэт аймшигт зовиур биеийг минь эзэмдэнэ. Харин яаж ийж байгаад багшаас тусламж авж шумбаж чадахаар боллоо. Удахгүй би хөвж сурах ёстой. Багшийн гаран дээр тулж, усан дээр дээшээ харна. Айсандаа ч тэр үү,гар хөлний чадал орж, бие маань агшина. Гар хөлөө тэнийлгэж, багшийн гар дээр байгаа боловч, өөрөө хөвж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Багш “Гараа тавьж болох уу”гэж надаас зөөлөн асуутал, “Болохгүй” гэж хэлээд, яасан ч тавиулахгүй сандарч байлаа. Усан дээр доош харан, нүүрээ усанд хийх дасгалын үед, багш тулж байсан гараа гэнэт биенээс авлаа. Нэг минут гэдэг хичнээн бага хугацаа байсан боловч, миний хувьд нэг жилтэй тэнцэнэ… Нээрээ л усан дээр хөвж чадлаа” “Хөвчөхлөө шүү дээ”. Багш баяр баясгалантайгаар давтана. Бага багаар гараа тавих хугацаагаа уртасгана. Нэг минут нь хоёр минут, хоёр минут нь гурван минут. Сүүлдээ 10 минутаас илүү хөвдөг боллоо. Гэхдээ амьсгалаа авахаар хажуу тийш харвал тэнцвэрээ алдаж бие маань нэг бүтэн эргэчихэнэ. Бэрхшээл гарлаа. Хэдэн удаа ч хичээллээд амьсгалаа авч чадахгүй байлаа. Тэгээд амьсгалаа тасартал өөрийнхөө чадлаар урагшаа сэлэхээс өөр аргагүй боллоо. Харин урагшаа сэлнэ гэсэн ч, усыг хутгах гар байхгүй. Гарнаас арай урт хөлөө амь тавин савчсан боловч, энэ ч гэсэн төдийлөн сайн болсонгүй. Миний хоёр хөлний урт богино болохоор, хөлөө яаж ч хөдөлгөөд томоор эргэх юм уу, зарим муу тохиолдолд тэр дороо хэд хэдэн удаа эргэчихнэ. Зургаан метр. Миний таван жил чармайж байж сэлж сурсан урт. Ингээд зургаадугаар ангийн зуныг угтлаа. Усанд сэлэлтийн хичээл дээр яасан ч гэсэн 25 метр сэлэхгүй бол болохгүй. 25 метр сэлж чадахгүй бусад хүүхдүүд, дундаа зогсож байгаад ч гэсэн сэлж дуусгадаг. Харин би бол зогсож чадахгүй. Ингээд энэ жил аврах хавтанг хэрэглэж 25 метрыг сэлж дуусгахаар боллоо. Хамгийн эхэнд хэрэглэсэн нь нэлээн сайн хөвөх хавтан. Энэ хавтанг цээжиндээ багласан боловч,толгой хүндрээд, ганцхан цээж хөвөөд болохгүй байлаа. Дараа нь”Хөвөгч хавтан” гэх хавтанг туршиж үзлээ. Энэ ч гэсэн болохгүй байлаа. Би “Хөвөгч хавтан дээр гарахaд хавтан нь живжихнэ. Миний биеийг даахад хэтэрхий жижигхэн байлаа. Аргаа ядсан бидний чихэнд их сонирхолтой мэдээ орж ирлээ. ”Хөвөгч арал” хэмээх 120 сантметртэй дөрвөн өнцөгтэй том хавтан бий гэж сонслоо.Энэ хавтан намайг дийлж магадгүй. Тэр хавтанг нэн даруй Ока багш авчирч өглөө. Тэр хавтан ангид тавихад зай эзэлсэн овоо том эд байлаа. Бид нар хавтанг бассейны хажууд аваачин, зорж эхэллээ. Сийлбэрийн багаж маань цаасны зүсэгч болон жижиг хэмжээний хутга. Үүнийг хэрэглэх нь зөвхөн багш. Мөн багшид туслах хүүхдүүд багшийн зааснаар ажлаа хийж байлаа. Багш: -“Алив Масахиро нөгөө талаас барь.”Масахиро: -“Багшаа гоё хийж өгөхгүй бол болохгүй шүү”. Эхлээд урд хэсгийг нь мушгиралдсан хэлбэрээр сийлнэ. Усны даралтыг багасгахын тулд ингэсэн билээ. Чих дүлийрмээр дуу болон алга дашилт нэг л ичмээр. Үсрэх тавцан дээр гарахад зүрхний зохилт ихсэх шиг болно. ”Пан” гэх дохиогоор ус руу үсэрлээ. Хөндлөнгөөс хүн харвал мэдэлгүй буруу үсэрсэн мэт харагдах боловч зунжингаа бэлтгэл хийж хийж хамгийн сайн үсэрсэн минь тэр байлаа. Нэгэн хэсэг шумбан гарч ирээд нэг дэхь даллалт хоёр дахь даллалт тэгээд цааш Минорү болон Сүсүмү хоёр хавтан дээр гаргаж өгөн ”За алив үзүүлээд өг” гэж хэлэн намайг түлхэнэ. Ингээд миний урт удаан аялал эхлэх нь тэр дээ. Тал дунд хүртэл нь хэвийн байсан боловч хөл маань хөдлөхгүй болж эхэллээ. Бусад хүүхдүүд бага багаар урагшаа явна. Өргөн уудам бассейн дотор би гав ганцаараа. Үүнд “Нам гүм” гэдэг үг яг тохироно. Гэнэт нам гүм байдал алга боллоо. Маш чанга алга ташилт ба хүмүүсийн дуу шуугиан нижигнэх сонсогдов. Бас ч болоогүй өөр хоёр сургуулиас хүүхдүүд ирсэн байлаа. Өөр сургуулийн хүүхдүүдээр дэмжүүлнэ гэдэг санаад оромгүй амжилт байлаа. Нэг минут тавин долоон секунд. Өөр хоёр сургуулиас алга ташилт хүртэнэ. Зогсох шинжгүй маш их алга ташилт нижигнэж байлаа. “Багшаа тэнд байгаа нэг эмээ уйлж байна”. Түүний нүд нь ямар нэгэн гайхалтай юм харсан мэт гэрэлтэж байлаа. Багшийн тухайд хамгийн баяртай зүйл нь хүүхдүүд Ототакэг ангийн найз шиг биш, Ототакэ 25 метрийг сэлж дуусгасандаа ч биш, харин өөрсдийнх нь найз нь өрөөл татуу ч өөртэй нь адилхан зүйл хийж чадсан болохоор л тэр. Мөн тэр үед багш “Наад биеээрээ сайн сэллээ” гэж хэлээд намайг тэвэрч билээ."Нэг минут Тавин долоон секунд өмнөхөөс нэлээн удаан байна шүү”. Гэхдээ энэ үг нь үнэндээ багшийн минь зүрх сэтгэлээс гарсан баярын үг байлаа. Манай ангийн багш Такаги “Баяр хүргэе чи хэн болохоо өөрийнхөө хүчээр таниулж чадлаа шүү дээ.” гэж хэлсэн үг нь надад зориулагдахаас илүү багшид минь зохих юм шиг одоо санагддаг юм.
Япон хэлнээс орчуулсан
Хүрэлбаатарын Арвис

No comments:

Post a Comment