Saturday, May 28, 2011

Наран улсын тэмдэглэл (1)

       Момижигаока буюу Улаан навчсын довцог

         Хэдэн жилийн өмнө Их Наран улсаас төрөлх сайхан монголдоо газардаж, цэлмэг хөх тэнгэр, өргөн уудам тал нутгаа харан баясаж, цээж дүүрэн цэвэр агаар амьсгалсан мөч саяхан мэт санагдах авч, аль хэдийн тав дахь хавартайгаа ийнхүү баяр хөөр, гуниг гутарлаа чирсээр золгож байна даа. Тавдугаар анги хүртлээ харь газар очиж үзэлгүй гагцхүү кабль телевиз, гадаадын киноноос хорвоо ертөнцийг тольдон тунгаасаар Наран улсыг зорих азтай гэмээр боломж олдож, ижий аавын хамт эх нутгаа орхин үүлэн цагаан онгоцоор дүүлэн дүүлэн нислээ. Хувьтай хүн хурнаар гэгчээр наран улсад газардсан даруйд тал нутгийн хүүг эелдэг зөөлөн шиврээ бороо эх нутгаас нь өөрцгүй угтан тослоо. Нарита хэмээх олон улсын онгоцны будлаас гурван цаг гаруй дэлхийд танигдсан төмөр хүлгээр дэнж хотойтол давхисаар Токио хотын Фүчү хэмээх цэцэг навчаар гангарсан дүүргийн Момижигаока буюу Улаан навчсын довцог хэмээх газарт очсон нь хожим хойно дурсан суухад сэтгэлд гүн тайтгарал олгоно. Уг дүүрэгт шөнө орой очсон учир байгалийн сайхан, хотын хөгжлийг нь харж амжилгүй өглөөг жиргэх шувуу, жингэнэх машины чимээтэй угтан мэл гайхаж, таг болов. Өндөр хөгжилтэй орон гэдэг цаанаа л сэтгэл амар бөгөөд аюулгүй  байдал гэдгийг хэдий жаахан байсан боловч, зөн совингоороо мэдэрч байв. Нийтийн сууцнаасаа гарч орчин тойронтойгоо танилцахад хажуугаар зөрсөн хэн бүхэн инээмсэглэн өнгөрөх ба хотын гудамж талбайн цэвэр цэмцгэр нь Японы ард иргэдийн ажилч хичээнгүй, шударга шулуун зангын тэмдэг мэт харагдана. Биднийг очих үеэр жилд долоогоос арван хоногийн хугацаатай цэцэглэх Сакура хэмээх цайвар ягаан цэцэг Хитоми гудамж болон япон даяар цэцэглэн тархсан байлаа. Сакура цэцэг нь япон улсыг дэлхий дахинд тодотгох нэрийн хуудас бөгөөд гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл японы урд нутгаас эхлэн Хоккайдо арал хүртэл дэлгэрдэг. Жил бүр Ханами буюу цэцэг дэлгэрэх үеэр Үэно цэцэрлэгт хүрээлэн буюу бусад цэцэрлэгт хүрээлэнгүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олон цугларч, Сакура цэцгийн гоо сайхныг бишрэн харж, алжаал ядаргаагаа тайлан, найрлан суух нь элбэг.   
             Ийнхүү очсон долоо хоногтоо хөгжил дэвшил болон "жинхэнэ" ардчилсан нийгмийн сайн сайхныг шимтэн биширсээр сургуульд орохоор болов. Би ч гадаад хүүхдүүдэд зориулсан тусгай сургуульд орно гэж найдаж байвч, эцэг эхийн шийдвэрээр ардын сургууль гэдэг шиг  эгэл жирийн улсын дунд сургуулийн эрдмийн босго давлаа. Эргээд санахад тухайн улсын зан заншил, түүх, хэл соёлыг эгэл жирийн улсын сургуульд суралцах нь илүү үр дүнтэй гэж үзсэн эцэг эхийн зөв шийдвэрийг хожуу ухаарсан нь харамсалтай.  Миний орсон сургууль болбоос Токио хотын Фүчү дүүргийн хоёрдугаар дунд сургууль хэмээх хагас зуун жил гаруй хугацаанд олон зуун мянган сурагчыг нийгэм болон улсад бэлдэж ирсэн шилдэг сургууль билээ. Гаднаас нь харахад сүрлэг ганган, дотроос нь шинжвээс даруу сайхан сургууль байлаа. За тэгээд сургуульд явах гэтэл хэл нэвтрэхгүй хүнд эрдэм заана гэдэг даанчиг ярвигтай. Ингээд тус дүүргийн боловсролыг хариуцсан газраас орчуулагч өөрсдөө сонгон авахыг санал болгож, орчуулагчын цалинг наран улсын төр засгаас гаргахаар болов. Аав ч тас хийтэл Цолмон гэх яруу найрагч өөрийн шавийг давхар япон хэлийг зааж өгөх гэсэн болзолоор сонгов. Яг л энэ үед орчуулагчын цалинг японы төр засгаас даана гэдэг таатай мэдээг сонсоод хүний өөрийн гэж ялгалгүй тэгш эрхийг чандлан хадгалсан япон улсыг баахан гайхаж билээ. Энэ нь нэг талаар хүчирхэг нийгмийн дүр төрх, нөгөө талаас боловсрол гэдэг хүн болгонд тэгш хувиарлагдах ёстой гэсэн шударга зарчим байсан юм. Японы ерөнхий боловсрол олгох тогтолцоо нь дунд сургууль төгсөх хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл есөн жил гэсэн үг. Бага ангидаа зургаан жил, дунд ангидаа гурван жил сурна. Харин дунд сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ахлах болон их сургуулийг сонгох нь хувь хүний эрхийн асуудал байдаг.
         Сургуульд орох анхны өглөөг японоор “Өглөөний мэнд”, “Сайн байна уу”, “Баярлалаа” гэсэн гурван үгтэй, цоо шинэ дүрэмт хувцастай угтлаа. Сургуулийн босго алхмагц нэгэн япон охинд ээрч муурсаар “Өглөөний мэнд” гэж мэндчиллээ. Нөгөө охин жаал гайхаж харснаа үг ч дугаралгүй хурдан хурдан шогшсоор сургуулийн халгаар орлоо. Хожим нь эргэцүүлж бодвол тэр охинд хүндэтгэлийн хэлбэрээр мэндчилсэн тул их л гайхсаж цожирсон нь аргагүй биз. Японд өөрөөсөө ахмад эсвэл хүндэтгэн биширдэг болон сэтгэлтэй хүндээ хүнлэтгэлийн хэлбэрээр ярих нь элбэг байдаг. Тэр ч утгаараа буруу ойлголцол төрсөн байж болно. 
         Сургуулийн үүдэнд хүн бүрийн тоогоор гутал хийх тавиур байх бөгөөд бид гуталаа сольж, бүгд нэгэн ижил шаахай углана. Энэ нь чухамдаа ариун цэвэр болон сурагчлын нэгдсэн байдлыг хангаж буй хэрэг. Тэр өдөр даваа гариг байсан тул бүх сурагчдыг хамарсан нэгдсэн хурал хийв. Уг хурлаар амралтын өдрүүдээр тэмцээн уралдаанд түрүүлсэн сурагчдыг сургуулийн захирал Оотани Масатака багш шагнаж урамшуулав. Ер нь даваа гариг бүрт иймэрхүү арга хэмжээ болдог байлаа. Тэр үеэр сурагчдын өмнө намайг дуудан гаргаж, сургуулийн түүхэн дэх анхны гадаад хүн хэмээн танилцуулж, өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцахыг нийт сурагчдад уриалсан юм. Түүнээс хойш би бүх сурагч нарын танил хүн болж, дээд доод ангийн охид хөвгүүд бүгд надад мэддэг чаддаг бүхнээ харамгүй хуваалцдаг боллоо.
Хүрэлбаатарын Арвис
2011.05.01

Хувийн онгоц

      Энэ дэлхийд хувийн онгоцтой хүн тийм ч олон байдаггүй гэдэгт ихэнх хүмүүс санал нэгдэнэ. Гэвч миний бодлоор харин ч эсрэгээрээ...Хувийн онгоц жолоодож яваа хүмүүс энд тэндгүйл холхиж байна. Би ч гэсэн хувийн онгоцтой болоод нэг жилийн нүүр үзэх гэж байна. Одоогын байдлаар бензинээ даах хэмжээнд л явж байна даа. Анх хувийн онгоцтой болоод баярлах болон гуниглах сэтгэл давхцаж байлаа. Өдийг хүртэл сууж явсан хуучин онгоцондоо дэндүү их дасаж дээ. Хэзээ нэгэн цагт хувийн онгоцтой болно гэж мөрөөдөж байсан ч, хуучин онгоцноосоо үүрд сална гэж бодолгүй л явсандаа. Одоо эргээд бодоход миний муу хуучин онгоц миний төлөө олон сайхан зүйл хийж өгчээ. Анх тэр онгоцонд суулгаж өгсөн хувь заяандаа их баярладаг шүү. Миний муу хуучин онгоц бүх талаараа яг л герман машин. Хэрвээ герман машинаас илүү машин байдаг бол түүнтэй зүйрлэвэл илүүднэ үү гэхээс дутахгүй. Тэр маш их чадалтай бас зорчигчдын хамгийн нандин зүйл байсаар ирсэн.
       Ирээдүйд хүн болгон хувийн онгоцтой болно. Гагцхүү онгоцоо зөв сонгох нь чухал. Өөрөөр хэлбэл сонгохдоо алдаа гаргахгүй хэмжээнд чи өөрөө онгоцны талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Онгоц жолоодох мэдлэгийг олж авахад чинь хуучин онгоц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Миний хуучин онгоц намайг гэлтгүй олон хүнийг хувийн онгоцтой болгож өгсөндөө. Тэд бүгд хамгийн сайн хувийн онгоцтой болцгоосон. Яг л түүн шиг хурдтай, хүчтэй, тохилог онгоц...Хүн ямарваа нэг сонголт хийхдээ байнга харьцуулж байдаг болов уу.
Энэ яриаг хэдэн жилийн өмнө бөмбөгнөөс өөр зүйл хөөдөггүй байсан тэр цаг мөч рүү түр ухраая. Нэг өдөр гэрт маань аавийн шавь гэх залуу ирж, жаал ном асууж, хэдэн бууз идэж суулаа. Тэрээр аав, ээж хоёрт миний япон хэлний түвшин тогтоох шалгалтны хоёрдугаар зэрэгт тэнцсэн талаар баахан магтаж талыг засав. Үүнийг үл тоосон шинжтэй суух аавыг хараад жаахан шар хөдлөв. Аав хэсэг хугацаанд шавынхаа ярихыг чагнаж сууснаа, хариуд нь “ Арвисын сайных гэж юу байхав. Өдий болтол Хүрэлбаатар нэртэй онгоцонд сууж, хар багаасаа хүн болгонд тохиолдохгүй жаргалыг эдэлж ирсэн золиг. Өөрийн гэсэн онгоцтой болоод хэрхэн жолоодохыг нь харж байж болно. За! Арвис явж өрөөндөө унт өглөө босож цай чанана шүү” гэж хэлээд өрөө рүү хөөв. Би ч ухас хийгээд өрөөндөө орж, хэлсэн үгнийх нь талаар хэсэгхэн бодлоо. Ерөнхий утгыг нь ойлгосон боловч, өнөөдрийнх шиг гүн утгыг үл ойлгов.
       Хүн өөрийн амьдралыг дааж явах хүртлээ аав ээж, ах эгч, эмээ өвөө, багш гэх мэт олон хүмүүсээс туслалцаа авдаг. Харин тэр хүмүүс нь онгоцны адил чиний төлөө алдаа гаргахгүйг хичээж нислэг үйлдэнэ. Гэвч насаараа уг онгоцонд найдах нь юу л бол... Эртнээс хувийн онгоц авах талаар бодох нь зүй ёсны хэрэг. Бидний амьдралыг эрсдэл байнга отож байдаг. Ганц онгоцонд найдсаар байтал нэг л өдөр бензин дуусаад сүйрэх үе гарч болно. Магадгүй маргааш.... Иймд хувийн онгоц авах хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулж, эртнээс бэлдэхэд илүүдэхгүй. Миний хуучин онгоцны хувьд олон зорчигчидтой олон жил хариуцлагатай нислэг үйлдсэн дээ. Зорчигчид бүгд хувийн онгоцтой болсон... Хамгийн сүүлийн зорчигч нь би байлаа. Арвис гэх тэнэг зорчигчыг хувийн онгоц авах хүртэл нь хүйтэнд хөрч, халуунд халж, байдаг бүхнээ зориулсан...Тэр агуу онгоцны ачаар улс дотроо нислэг хийж чадахаар онгоцоо жолоодож явна. Одоо харин олон улсын нислэг, бүүр цаашлаад сансар огторгуйд аялах хэмжээний том онгоц жолоодохын тулд хичээсээр бас дахин хичээсээр....
Хүрэлбаатарын Арвис
2011.01.14

Супер хөвөгч арал буюу зүүдэнд ч оромгүй амжилт


Ототакэ Хиротада
  Зургадугаар ангийн зун юм даг, усанд сэлэлтийн хичээл орох гэж байлаа. Зургадугаар ангийнхан бүгд 25 метр сэлэхийг зорьж байлаа. Би ч бас ангийнхантайгаа адил хүсэх догдлох зэрэгцэж байсан боловч, миний энэ хүсэл тийм ч санаан зоргоор болох зүйл биш байсан юм. Энэ яриаг бага сургуулийн нэгдүгээр анги уруу буцаая. Сургуульд орсноос хойш, биеийн тамир, спарткиад гэх мэт дараа дараагаар гарч ирэх асуудлуудыг давж ирсэн Такаги багшийнхаа тухай ярих юм. Үүнээс үүдээд “Усан сэлэлт” гэдэг том давааг хэрхэн давсан тухай хүүрнэх гэж байна л даа. Тэр үед би 70 см өндөртэй байсан юм. Нэг метрээс гүехэн байдаг усан бассейн гэдэг хаана ч байхгүй, тийм болохоор бассейны ёроолд хөл хүрэхгүй. Би бас бусад хүүхэд шиг хөлтэй ч биш… Энүүхэндээ гэхэд ганцаараа усанд орж чадахгүй гэсэн үг. Такаги багш минь боджээ. Сэлүүлэх үү ? Болих уу? гэж бодсонгүй. Харин яаж энэ гаргүй хөлгүй хүүхдийг сэлүүлж сургах вэ? гэж л бодсон юм санж. Миний гар тохойноосоо урагш байхгүй, хөл минь өвдөгнөөсөө урагш байхгүй. Эхээс ингэж төрсөн гэсэн. Тэгээд багш маань намайг тэврэн бассейнд орохоор шийджээ. Энэ бол санахад амар ч хийхэд хэцүү ажил байжээ. Мэдээж багш минь л их ядарна шүү дээ. Ажлынх нь үр дүн ч баталгаагүй, зөвхөн итгэл найдвар… Сургуулийн захирал ч гэсэн “маш хэцүү бас их ядарна“ гэж хэлж байсан боловч Такаги багш маань ”багш хүний үүрэг болохоор…” гэж хэлээд, хэлсэн үгнээсээ буцахгүй байлаа. Ингээд би усан бассейнд орохоор боллоо. Миний сэтгэлд баярлах, зовиурлах хоёр давхцаж байлаа. Би багаасаа аюултай гэж мэдэрсэн юмандаа их болгоомжтой ханддаг байсан. Сургуулийн дээр хүүхдүүд нууцаар цугласан үед тийшээ хэзээ ч ойртоё гэдэггүй, яаж ч ам цангаж байсан хэрвээ ус уудаг газар их олон хүн дараалан зогссон байвал тэвчээд өнгөрдөг хүүхэд байсан юм. Тийм болохоор хөл хүрэхгүй усан бассейнд орох гэдэг бол миний хувьд маш аюултай. Бас төмс шиг болчихсон гараар яаж усанд сэлнэ дээ гэсэн бодол маань зовиурлах сэтгэлийг төрүүлсэн ч байж магадгүй. Үнэнийг хэлэхэд ангийнхантайгаа хамт усан бассейнд орно гэсэн баяртай сэтгэл, усан бассейн аюултай гэсэн зовиурлах сэтгэл хоёр давхцаж байсан билээ. Бассейны нээлтийн өдөр. “Багштайгаа хамт оръё” гэж амлаж байсан боловч, тэр өдөр, гэв гэнэт орж чадсангүй. Усны хувцсаа өмсөөд бассейны хажуу хүртэл явсан боловч, үнэхээр аймшигтай байлаа. Багш бассейн дотроос “Жаахан ч гэсэн ангийнхантай хамт орооч” гэж хэд хэдэн удаа гараа сунгасан боловч, дуусан дуустал орж зүрхэлсэнгүй. Багш ч гэсэн миний сэтгэлийг сайн ойлгож байсан боловч, яагаад ч гэсэн намайг бассейнд оруулахыг хичээж байлаа. Тэгээд өөрийнхөө чадлаар хөвж суръя гэж бодлоо. Багшийн санаа зовж байсан зүйл бол миний амьдралд, мянгад нэг тохиолддог ”Усны осол” таарвал, хэн нэгний тусламж ирэх хүртэл усны мандалд тэсч чадах ёстой гэсэн бодол байжээ. Дараагийн хичээлээс эхэлж усан бассейнд орохоор боллоо. Эхлээд багшийн цээжнээс тэврэн, усанд орох. Энэ бол тийм ч аймаар биш. Тэгээд дараа нь нүүрээ усанд хийх. Ам хүртэл гайгүй боловч, хамарнаас дээшилвэл гэнэт аймшигт зовиур биеийг минь эзэмдэнэ. Харин яаж ийж байгаад багшаас тусламж авж шумбаж чадахаар боллоо. Удахгүй би хөвж сурах ёстой. Багшийн гаран дээр тулж, усан дээр дээшээ харна. Айсандаа ч тэр үү,гар хөлний чадал орж, бие маань агшина. Гар хөлөө тэнийлгэж, багшийн гар дээр байгаа боловч, өөрөө хөвж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Багш “Гараа тавьж болох уу”гэж надаас зөөлөн асуутал, “Болохгүй” гэж хэлээд, яасан ч тавиулахгүй сандарч байлаа. Усан дээр доош харан, нүүрээ усанд хийх дасгалын үед, багш тулж байсан гараа гэнэт биенээс авлаа. Нэг минут гэдэг хичнээн бага хугацаа байсан боловч, миний хувьд нэг жилтэй тэнцэнэ… Нээрээ л усан дээр хөвж чадлаа” “Хөвчөхлөө шүү дээ”. Багш баяр баясгалантайгаар давтана. Бага багаар гараа тавих хугацаагаа уртасгана. Нэг минут нь хоёр минут, хоёр минут нь гурван минут. Сүүлдээ 10 минутаас илүү хөвдөг боллоо. Гэхдээ амьсгалаа авахаар хажуу тийш харвал тэнцвэрээ алдаж бие маань нэг бүтэн эргэчихэнэ. Бэрхшээл гарлаа. Хэдэн удаа ч хичээллээд амьсгалаа авч чадахгүй байлаа. Тэгээд амьсгалаа тасартал өөрийнхөө чадлаар урагшаа сэлэхээс өөр аргагүй боллоо. Харин урагшаа сэлнэ гэсэн ч, усыг хутгах гар байхгүй. Гарнаас арай урт хөлөө амь тавин савчсан боловч, энэ ч гэсэн төдийлөн сайн болсонгүй. Миний хоёр хөлний урт богино болохоор, хөлөө яаж ч хөдөлгөөд томоор эргэх юм уу, зарим муу тохиолдолд тэр дороо хэд хэдэн удаа эргэчихнэ. Зургаан метр. Миний таван жил чармайж байж сэлж сурсан урт. Ингээд зургаадугаар ангийн зуныг угтлаа. Усанд сэлэлтийн хичээл дээр яасан ч гэсэн 25 метр сэлэхгүй бол болохгүй. 25 метр сэлж чадахгүй бусад хүүхдүүд, дундаа зогсож байгаад ч гэсэн сэлж дуусгадаг. Харин би бол зогсож чадахгүй. Ингээд энэ жил аврах хавтанг хэрэглэж 25 метрыг сэлж дуусгахаар боллоо. Хамгийн эхэнд хэрэглэсэн нь нэлээн сайн хөвөх хавтан. Энэ хавтанг цээжиндээ багласан боловч,толгой хүндрээд, ганцхан цээж хөвөөд болохгүй байлаа. Дараа нь”Хөвөгч хавтан” гэх хавтанг туршиж үзлээ. Энэ ч гэсэн болохгүй байлаа. Би “Хөвөгч хавтан дээр гарахaд хавтан нь живжихнэ. Миний биеийг даахад хэтэрхий жижигхэн байлаа. Аргаа ядсан бидний чихэнд их сонирхолтой мэдээ орж ирлээ. ”Хөвөгч арал” хэмээх 120 сантметртэй дөрвөн өнцөгтэй том хавтан бий гэж сонслоо.Энэ хавтан намайг дийлж магадгүй. Тэр хавтанг нэн даруй Ока багш авчирч өглөө. Тэр хавтан ангид тавихад зай эзэлсэн овоо том эд байлаа. Бид нар хавтанг бассейны хажууд аваачин, зорж эхэллээ. Сийлбэрийн багаж маань цаасны зүсэгч болон жижиг хэмжээний хутга. Үүнийг хэрэглэх нь зөвхөн багш. Мөн багшид туслах хүүхдүүд багшийн зааснаар ажлаа хийж байлаа. Багш: -“Алив Масахиро нөгөө талаас барь.”Масахиро: -“Багшаа гоё хийж өгөхгүй бол болохгүй шүү”. Эхлээд урд хэсгийг нь мушгиралдсан хэлбэрээр сийлнэ. Усны даралтыг багасгахын тулд ингэсэн билээ. Чих дүлийрмээр дуу болон алга дашилт нэг л ичмээр. Үсрэх тавцан дээр гарахад зүрхний зохилт ихсэх шиг болно. ”Пан” гэх дохиогоор ус руу үсэрлээ. Хөндлөнгөөс хүн харвал мэдэлгүй буруу үсэрсэн мэт харагдах боловч зунжингаа бэлтгэл хийж хийж хамгийн сайн үсэрсэн минь тэр байлаа. Нэгэн хэсэг шумбан гарч ирээд нэг дэхь даллалт хоёр дахь даллалт тэгээд цааш Минорү болон Сүсүмү хоёр хавтан дээр гаргаж өгөн ”За алив үзүүлээд өг” гэж хэлэн намайг түлхэнэ. Ингээд миний урт удаан аялал эхлэх нь тэр дээ. Тал дунд хүртэл нь хэвийн байсан боловч хөл маань хөдлөхгүй болж эхэллээ. Бусад хүүхдүүд бага багаар урагшаа явна. Өргөн уудам бассейн дотор би гав ганцаараа. Үүнд “Нам гүм” гэдэг үг яг тохироно. Гэнэт нам гүм байдал алга боллоо. Маш чанга алга ташилт ба хүмүүсийн дуу шуугиан нижигнэх сонсогдов. Бас ч болоогүй өөр хоёр сургуулиас хүүхдүүд ирсэн байлаа. Өөр сургуулийн хүүхдүүдээр дэмжүүлнэ гэдэг санаад оромгүй амжилт байлаа. Нэг минут тавин долоон секунд. Өөр хоёр сургуулиас алга ташилт хүртэнэ. Зогсох шинжгүй маш их алга ташилт нижигнэж байлаа. “Багшаа тэнд байгаа нэг эмээ уйлж байна”. Түүний нүд нь ямар нэгэн гайхалтай юм харсан мэт гэрэлтэж байлаа. Багшийн тухайд хамгийн баяртай зүйл нь хүүхдүүд Ототакэг ангийн найз шиг биш, Ототакэ 25 метрийг сэлж дуусгасандаа ч биш, харин өөрсдийнх нь найз нь өрөөл татуу ч өөртэй нь адилхан зүйл хийж чадсан болохоор л тэр. Мөн тэр үед багш “Наад биеээрээ сайн сэллээ” гэж хэлээд намайг тэвэрч билээ."Нэг минут Тавин долоон секунд өмнөхөөс нэлээн удаан байна шүү”. Гэхдээ энэ үг нь үнэндээ багшийн минь зүрх сэтгэлээс гарсан баярын үг байлаа. Манай ангийн багш Такаги “Баяр хүргэе чи хэн болохоо өөрийнхөө хүчээр таниулж чадлаа шүү дээ.” гэж хэлсэн үг нь надад зориулагдахаас илүү багшид минь зохих юм шиг одоо санагддаг юм.
Япон хэлнээс орчуулсан
Хүрэлбаатарын Арвис

Хичээл зүтгэлийг ялан дийлэх авьяас гэж үгүй


 
  “Хичээл зүтгэлийг ялан дийлэх авьяас гэж үгүй” гэж томоос том цагаан цаасан дээр япон ханзаар яарайтал бичсэн байв. Өөрөөр хэлбэл нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн хичээл зүтгэл. Энэ үг японы ихэнх хүмүүсийн сэтгэхүйнд оршино. Харин манайд бол эсрэг ойлголттой байдаг. Ер нь монголчууд маань юмыг заавал буруугаар хийдэг болжээ. Энэ байдалдаа дассандаа ч тэр үү, өөрсдийгөө буруу ярьж, зөв ойлгодог хэмээн дөвийлгэнэ. Угтаа бол буруу, ташаа ойлголт юм. Бид нарын өвөг дээдэс маань зөв ярьж, зөв сэтгэж, зөв төсөөлж байсан учраас дэлхийн талыг эзэлсэн болов уу гэж бодлоо. Зөв ярьснаар зөв сэтгэх боломжтой болох юм. Цаашдаа зөв сэтгэснээр зөв төсөөлж, төсөөллөө амьдралдаа хэрэгжүүлж ирсэн биш үү. Дээрх зүйр үгийг намайг японы дунд сургуульд сурч байх үед биеийн тамирын зааланд хүн бүхэнд харагдахаар тавигдсан байсан. Чухамдаа энэ нь сурагч нарыг зөв хүмүүжүүлэхээс гадна хэн бүхэнд боломж байгааг харуулсан утга санааг илэрхийлнэ. Сурагчид уг зүйр үгийг уншаад өөр өөрийн мөрөөдлөө бий болгож, улмаар мөрөөдлийнхөө төлөө шамдан хичээх нь ихэсчээ.Үүний тод жишээ нь тэр үед нэг анги дор ханз үсэг заалгаж явсан ангийн найз минь япон улсын волейболын үндэсний шигшээд багтсан явдал юм. Тэр сурагч өдөр бүр томоос том бичигдсэн зүйр үгийг хараад уг амжилтанд хүрсэн болов уу гэж өөрийн эрхгүй санагдана. Энэ мэтээр манай сургуулиас мэргэжлийн хөлбөмбөгчин, бөмбөрчин, бүрээчин гэх мэт миний зүс таних сурагч нар салбар салбартаа тэргүүлэгч болжээ. Зарим үйлийн үртэй хүмүүсийг эс тооцвол хүмүүс бүгд л ижил төрдөг. Хоёр нүдтэй, хоёр гартай, хоёр хөлтэй гэх мэт. Зарим нь бүр илүү ч төрдөг. Тэгвэл авьяас гэж яриад байгаа зүйл байдаг юм бол яг л ижилхэн заяагдах ёстой. Монгол хүмүүс хүнийг авьяастай, эсвэл авьяасгүй хэмээн ялгах дуртай. Ялангуяа сурган хүмүүжүүлэгч нарт энэ үгийг хэлэх эрх байхгүй. Олон багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдэд иймэрхүү байдлаар ханддаг. Авьяастай гэж хэлүүлэх нь сайхан боловч, хэрвээ эсрэгээр нь хэлвэл юу болох вэ? Авъяасгүй гэж хэлүүлсэн хүүхэд сэтгэлээр унаж, дахиж оролдохоос эмээнэ. Харин тэр үгний оронд хичээвэл чадна гэх мэт олон сайхан үгээр урамшуулж тэтгэх нь чухал. Одоо харин хэдэн хүмүүсийн нэрсийг дурдая. Попын хаан Майкел Жэксон, Агаарын хүн Майкэл Жордан, Барак Обама, 14 – р Далай Лам гэх мэт дэлхийд нэр хүндтэй хүмүүс олон бий. Эдгээр хүмүүс нь хичээл зүтгэлээр энэ агуу нэр хүнд, хайр энэрэлийг олж авсан ажгуу. Попын хаан Майкел Жэксоныг танихгүй хүн гэж ховор. Тэрээр “Попын хаан” хэмээх нэр хүндийг олж авахын тулд чамгүй хичээл зүтгэл гаргасан нэгэн. Попын хааны гэртээ зүгээр сууж байгаад авьяас билэг нь гэнэт тодроод од болсон гэвэл худлаа. Гагцхүү шөнөжин өдөржин ариун цагаан хөлсөө урсган байж Попын хаан хэмээх цолыг хүртжээ. Мөн Амеркийн нэгдсэн улсын анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама ч хичээсны эцэст дэлхийн өнгөт арьстнуудын амьд төлөөлөл болж чадсан. Аливаа юмыг хийхдээ чин сэтгэлээр хичээнгүйлэн хийснээр нэр хүнд, хайр энэрэл аяндаа даган шагших нь энэ хорвоогын жам ёс буй за. Юуны өмнө хүн болгонд боломж бий. Гагцхүү боломжыг хэрхэн яаж, үр бүтээлтэй зөв ашиглах нь чухал. Үр бүтээлтэй гэдгийн учир нь өөрт хэрэгтэй зүйлийг урдчилан сайн тооцоолж гаргасны эцэст уг зүйлээ хэнээс ч илүү сайн чадах хэрэгтэй болов уу. Хэн нэгний хэлсэн үгээр ч юм уу, зааврын дагуу хөдлөх нь тийм ч таатай байдлыг авчрахгүй. Эртнээс өөрөө шийдвэр гаргаж амжилтанд хүрэх нь сэтгэлд сайхан. Алдсан ч хэзээ ч харамсахгүй. Учир нь хүн хэзээ ч өөрийгөө буруутгаж чададгүйд оршино. За ингээд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд өгүүллээ төгсгөе.
Хүрэлбаатарын Арвис
2010.11.11